Ардын намын шахааны “Ийм хоёр Тэ…”-гийн аль нэгийг Баянзүрхчүүд дахиад сонгох гэж үү

Б.Батзориг

Орших уу, эс орших уу гэдэг асуудал нийслэлийн Баянзүрх дүүрэгт дахин сонгуулиар өрсөлдөх эрхтэй үлдсэн УИХ-ын гишүүн асан Д.Арвин, тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг нарын хооронд жинхэнэ өрнөөд байгаа аж. Учир нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох Орон нутгийн сонгуультай хамтатган УИХ-ын дахин сонгуулийг явуулахаар тогтсон бөгөөд Баянзүрх дүүрэгт МАН-ын ийм хоёр гишүүн ийнхүү тунаад байгаа юм.

Д.Арвины хувьд эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших эрхээ олж авсан бол Б.Батзориг өөрийн удирдаж байгаа дүүрэгтээ хүч үзэж буй. Гэхдээ Улаанхуарангийн унаган хүүхэд гэж өөрийгөө Баянзүрх дүүрэгт хамаатуулж байгаа Д.Арвинаас илүү Засаг даргаар одоо ч ажиллаж байгаа Б.Батзоригт боломж их бий.

Хэзээнээсээ хогны асуудалтай байдаг захын хорооллуудад одоо сар болгон цэвэрлэгээ явагддаг болсон нь орон нутгийн сонгууль ойртсоных. Мэдээж үүний цаана дүүргийн Засаг дарга оноо авна. Бас зарим хороонд шинээр газар олгох сураг дуулдаж байна. Тэгж гэмээнэ газартай болсон иргэд гарын үсэг зурсан засаг ноёндоо саналаа өгнө л гэх байх. Ингээд “Б.Батзоригт давуу байдал үүсээд байгаа  юм” гэсэн мессеж түгээд эхэлжээ.

Д.Арвин

Харин Д.Арвинд тийм боломж байхгүй  гэнэ. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа парламентад суусны хувьд хэрхэн ялах аргыг мэдэж байгаа ч энэ удаа их л тэвдэж яваа аж. Ямар сайндаа л хүч тэнцвэргүй тулаан болж байна хэмээн бухимдаж, Б.Батзоригийг сонгуулийн хууль зөрчиж, сурталчилгаа хийсэн тухай намынхаа Ёс зүйн хороонд өгчихөөд сууж байхав. Хэрэв намын Удирдах зөвлөлөөс нь ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол СЕХ-нд гомдол гаргана гэдгээ ч хэлээд авчээ. Ингэж гэмээнэ МАН-ын нэр хүндэд улам муугаар нөлөөлөх учиртай л даа. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байхад нам нь ч, гишүүд нь ч хэл амнаас хол байх хэрэгтэй байсан болов уу. Намынх нь гишүүд энэ мэтчилэн хувийн тоглолт хийж болох байсан бол УИХ-д сууж байгаа 25 нь яалаа гэж өнөөдрийг хүртэл дуугүй байхав. Тэгэхээр МАН нь  Удирдах зөвлөлийнхөө хүрээнд Д.Арвиныг аргадах арга хэрэглэхээр шийдэв бололтой. Уг нь бол Д.Арвин, Б.Батзориг хоёрын хэн ялах нь МАН-д төдийлөн хамаатай бус. Аль нь ч ялсан УИХ дахь суудлынхаа тоог нэмнэ. Харин Б.Батзоригийн ард МАН-ын “Хотын фракц”-ынхан байгаа бол Д.Арвин намынхаа одоогийн удирдлагуудтай дотно харилцаатай. Ингээд бодохоор энэ хоёрын  зөрчлийг Удирдах зөвлөл нь тун нухацтай авч хэлэлцэх биз ээ.  Энэ мэтээр дахин сонгуулийн сургаар олон үйл явдал өрнөх  бололтой.

Гэхдээ юутай ч Баянзүрх дүүрэгт өнгөрөгч сонгуулийн үеэр МАН-ынхны  гаргасан том алдаа дахиад бүрэн  төгс хэлбэрээрээ давтагдах болоод байна. Урьд, урьдын УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дэвшигчид хоёр талд гарчихаад л бие биенийхээ  эсрэг сөрөг пиар хийж ажилласаар байгаад хоёулаа ялагдсан тохиолдол цөөнгүй. Тэр алдаа нь энэ удаад яалт ч үгүй давтагдах болж байна. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооныхон Засаг даргынхаа талд ажиллаад эхэлчихсэн гэх. Харин Д.Арвин даргыгаа сөрдөг хэдэн гишүүнийг цуглуулаад зогсохгүй төрийн бус байгууллагаараа дамжуулан бусад намын гишүүдийг ч дайчлаад үзэлцэж байгаа юм байна. Энэ “тулаан”-д хэн ялсан нь УИХ-ын гишүүн болно. Харамсалтай нь  ингээд бодохоор хэн хүнд ихээхэн гунигтай мэдрэмж төрөхөөс гадна  улс төрийн тайзнаа  тун таагүй дурсамжууд ч  бас үлдэж хоцрох нь ээ.

            Энэ хоёрын өнгөрсөн сонгуулийн санал хураалтын үеэр үйлдсэн гэмт үйлдлүүд телевизүүдийн зураглаач нарын камерт хангалттай  баримт болж үлдээд байгаа юмсанж. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн 20-иод хэсгийн хороон дээр санал хураалтыг хуулийн хугацаанд нь явуулгаагүй юм билээ. Санал хураах цаг нэгэнт дууссан хойно, бүр шөнийн 00 цаг, 1 цаг хүртэл сонгогчдын саналыг  өгүүлж байсан байна. Үүнийг нь тухайн хэсгийн хороодод ажилласан санал тоолох машиных нь билл хуудсууд бэлхнээ хэлээд өгч байгаа юм. Ялангуяа сонгуулийн 57, 64, 65, 80, 86 зэрэг хэсгийн хороонд Д.Арвин, Б.Батзориг нар өөрсдийн хүмүүсээрээ иймэрхүү будлиан олон удаа хийлгэсэн нь баримтаар нотлогдсон байлаа. Гэвч тэр үед цагдаа, тагнуул, СЕХ-ноос хэн ч анхаарч үзсэнгүй. Ардын намын нөлөө бүхий томчууд  тэдэнд нөлөөлсөн болов уу. Мөн Ардчилсан намаас ч үүнд олигтой ач холбогдол өгч, хуулийн дагуу арга хэмжээ авахуулаагүй нь бас цаанаа ямар нэг тохиролцоотой зүйл болж хувирсан байх магадлалтай ажээ. Санал тоолох машинд бас ихээхэн но-той сэжиг, таамгууд ч бий. “Аягүй бол үүний улмаас Д.Арвин, Б.Батзориг нарын сонгуулийн луйварт хариуцлага тооцоогүй байх” хэмээн өчих  нэгэн ажиглагч  тааралдсан нь мөн саяхных.

            Тэдний гэмт үйлдлүүдийг  ийнхүү хууль хяналтын байгууллагаар шалгуулалгүйгээр дахин сонгуульд сойж буй нь угаасаа үл бүтэх үзэгдэл болж байгаа юм. Д.Арвины тухайд өөр нэг ноцтой баримт ч яригдаж байна. Юув гэвэл сонгуулийн санал авах өдрөөс хоёр хоногийн өмнө тэр Улсын иргэний бүртгэлийн ажилтнууд болон багш нарыг автобусанд суулган авч яваад нэгэн зоогийн газарт оруулан дайлж цайлж суухад нь  нэг овсгоотой ажиглагч камераар бичлэг хийчихжээ. Тэгтэл Д.Арвингийн хүмүүс  түүн рүү гүйж очоод камерийг нь булааж авахдаа баахан  зодож биед нь гэмтэл учруулсан байв. Энэ хэргийг  Д.Арвин бас л хууль хяналтынхантай хуйвалдан дарж өнгөрөөсөн юм шиг байна.

            Өдгөө хөшөө дурсгал босгох ажилд хамгийн их хөрөнгө оруулалт авсан буюу “идсэн” хүнээр Б.Батзориг тодроод байгаа. Тэрбээр Сансрын уулзварт “Эвтэй дөрвөн амьтан” хөшөө босгоход 350 сая, Чулуун овооны тойрогт хоточ нохдын хөшөө бүхий  өндөрлөгийг байгуулахад 750 сая, Офицеруудын ордны аюулгүйн тойрогт усан оргилуур хийхэд 400 сая төгрөг тус тус зарцуулсан аж. Гэвч ямар тендер зарлаж, ямар компанид хэдий хэмжээний хөлс өгч гүйцэтгүүлсэн нь тодорхой бус ажээ. Тиймээс дүүргийнх нь иргэд түүнийг мөн АТГ-т өгөн шалгуулахаар болсон байна. Үүнээс гадна Б.Батзориг нь Хонхор, Эмэгтэйчүүдийн хорих ангийн орчимд таван га газар дур мэдэн авч эхнэрийнхээ ах дүү болон өөрийн найз нөхдөд “бэлэглэсэн” гэх мэдээллийн мөрөөр ч хуулийнхан ажилласангүй. Харин саяхнаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Зэасаг дарга Атар, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох  нарын хамт “Цэвэр агаар төсөлд хамрагдаагүй 120 иргэний бчиг баримтыг хууль бусаар ашиглаж 70 гаруй  сая төгрөг завшсан  хэргийг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байна.

            Удахгүй Баянзүрх дүүргийн сонгогчид ийм л хоёр нөхрийн аль нэгийг сонгохоор  дахин санал хураалтанд оролцох гэж байгаа нь  нэг ёсондоо тун хатуу, бүр огидос төрмөөр эвгүй тулгалтанд орж буй хэрэг л дээ. Тиймээс ч  тус дүүрэгт  “Хэн нь ч ялгаагүй луйварчин гэдэг нь тодорхой тул сонгоод яах билээ, Монголын парламент чинь ямар хогийн сав юм уу” хэмээн гөжүүдлэх хүн  цөөнгүй болоод байгаа аж. Тэднийг  буруутгах аргагүй  юм. Угтаа улс төрийн арай жаахан ёс жудагтай нам бол ийм хүмүүсээ сонгогчид руу албаар шахахгүй шүү дээ. Тэр жил Баабар иймэрхүү өнцөгөөс хараад “Хэнтийн гурван тэнэг”  нийтлэлээ бичсэн болов уу. Тэгвэл энэ жил Баянзүрх дүүргийн сонгогчдын өмнө  “Ийм хоёр Тэ…” хүрээд иржээ. Яалтай вэ. Болдог бол хуулийг нь өөрчлүүлээд, нэрийг татуулж, арай дөнгүүрхэн хүмүүсээс шилж сонгоод  УИХ-д суулгахсан. Даан ч цаг нь оройтож дээ. Гэхдээ юм ганцаар дуусах биш.

                                                                                               Б.Отгонбаяр

Advertisements
%d bloggers like this: