Улс төрийн өрөг дэх стратегич бүсгүй

85bcf2a01b3304b6great

Мигэддоржийн Батчимэг. Энэ эмэгтэйг өдгөө монголчууд цугаараа сайн мэддэг болжээ. Зөвхөн Монголчууд төдийгүй олон улс судлал, стратегийн чиглэлээр мэдээлэл, баримт, дүгнэлт  хэлхэж, түүгээрээ тухайн улс орныхоо төрийн бодлогын луужин болж явдаг  гадаадын томоохон  хүрээлэнгийнхэн ч андахгүй  юм билээ. Ноднин хавар түүний бичсэн ном,  сонинд өгсөн ярилцлагуудыг уншиж суухад  аргагүй л жин дарсан судлаач гэдэг нь мань мэтийн  Эрээн орж үзээгүй шахуу товааршид   хүртэл мэдрэгдээд байна лээ. Ер нь хүнийг шинжих гэвэл эхлээд үгийг нь сайтар шинж гэдэг. Түүний амнаас голцуу  төрийн бодлогод  нэмэр болохуйц үг  унахаас биш шалдар булдар оймс гутал мэтийг барагтайд ярьдаггүй.  Иймээс  хөрөг маягийн юм бичмээр санагдаад  ийнхүү мунхаглаж  суугаа минь энэ. Ямар  Баабар, Маабар шиг нь түүх, онол монол айлдах гэсэн биш. Хүн судлахуун, тэр дундаас улс төрчийн чансааг чадан ядан үгээр зурах гэж оролдохын  буруу гэж юу байхав.

Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх асан М.Батчимэг сонгуулиар  Ардчилсан намын жагсаалтын нэлээд дээгүүр эрэмбээр  УИХ-д ороод иржээ.  Ийнхүү анх удаа  стратегийн судлаачаар мэргэжсэн залуухан эмэгтэй төрийн түшээ боллоо. Тэр өндөр боловсролтой. Бээжингийн Хэл соёлын их сургууль, Тайваний улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ–ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс төгссөн, улс төр судлалын докторант.  Овоо хэдэн жил Стратегийн судалгааны хүрээлэнд  ажилласан түүнийг стратегич хэмээн нэрлэхээс аргагүй. Нэг үгээр хэлбэл тэр өдгөө Америк руу оргоод явчихсан С.Баярын  хийж байсан ажлыг тун чадварлаг амжуулж байжээ. С.Баярыг зарим  нь стратегич гэдэг байлаа. Гэвч энэ гоонь эр улс орныхоо хөгжлийн стратегийг  зөв гольдролд  оруулж чадаагүй.  Стратегич гэсэн гоё сэтрээс цаашгүй нөхөр байж.   М.Батчимэгийн хувьд харин юм  мэдэх хүмүүсийн хүрээнд   арай өөр үнэмжтэй яваа  ажээ.  Өнгөрсөн жилүүдэд  түүний хийж бүтээсэн, хэлж тэмцсэн  зүйлсийн агуулгаас харахад  улс төрийн цахиур хагалсаар иржээ. Хууль, зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн  илэрхий хууль бус, ёс жудаггүй үйлдлүүдийн эсрэг  тэр  шударгаар үзэлцсэн юм. Хүмүүс одоо энэ тухайд санах нь лавтай.  М.Батчимэг  түрүүчийн парламентийн үед Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байхдаа “Ц.Нямдорж иргэдийнхээ чөлөөт жагсаал цуглааныг зэвсгийн хүчээр  тараахаар хуульчлах гэж байна” хэмээн хамгийн түрүүнд  олны сонорт  хүргэсэн юм. Ингэж яавч болохгүйг тэр тийнхүү анхааруулаагүй бол  юу болох байсныг бүү мэд. Тэр үед Ц.Нямдоржийн аагаа багтааж ядан таахалздаг Ардын нам нь эрх барьж байлаа шүү дээ. Аягүй бол ийм хууль баталж баллах  байсан болов уу.

Ц.Нямдорж цагдаагийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Зэвсэгт хүчнийг  жагсаал цуглааны эсрэг ашиглах   заалт  сэм шургуулах гэж байжээ. Хожим нь   энэ тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Тиймэрхүү заалт хуулийн төсөлд ороод ирэхээр нь Засгийн газар дээр яриад хассан юм” гэж мэдэн будилсан байв.   Засгийн газрын  танхимд тэр өөрөө  байлаа шүү дээ, бурхан минь. Тэр бүү хэл ийм хуулийн төслийг  мань хүн өөрийн  биеэр Засгийн газарт танилцуулсан гэнэ лээ.  Тэр тийм аймшгийн заалт бичиж оруулчихаад “Засгийн газар уг заалтыг хассан” гэж булзааруулж байжээ. Арай  шударгадуу нөхөрсөн бол “Тиймээ, миний хийсэн алдаатай заалтыг манайхан зассан” гэвэл зүйд нийцэх байж.  М.Батчимэгийн шүүмжлэлд  ингэж л хөгөө хөлдөө чирсэн  дээ, Ц.Нямдорж гэдэг хүн.

            Гайтай долдугаар сарын 1-ний хэрэг бүрэн шийдэгдээгүй бөгөөд цагдаагийн хэдэн даргыг  шүүгээд л зүйл дуусгах гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг М.Батчимэг хатуу зэмлэж байлаа. Сайд нь болохоор цагдаа нараа турхирч, шүүгчдийг буруутгаад ч байгаа юм шиг сонин байдал үүссэн юм. Энд  Ц.Нямдорж нь Ерөнхийлөгчийг  гоочилсон мэдэгдэл хийж улс төрийн шоглоом болгохыг хүсчээ. Үнэндээ ингэж шүүх засаглал нь доголдож, савлаад унавал   улс орны үндэсний аюулгүй байдалд  сэв сууж мэдэхээр байлаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн Үндэсний айлгүй байдлын зөвлөхийн хувьд М.Батчимэг тус яамныхантай  зарчим  ярихаас аргагүй болсон биз.  Ерөөсөө ардчилал гэдэг маань улс орны нийтлэг амьдарлын зарчим дээр тогтдог л доо. Хууль дээдлэх ёс  гэж ч хэлж болно,  ардчиллыг. Тэр ийм  байр сууринаас асуудалд хандаж байлаа. Улс төрийн энэ халуун өдрүүдэд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Ц.Нямдорж сайдын үг, үйлдлийг их гайхдаг. Хууль зүйн сайд байж олон түмний эрх ашиг, улс орныхоо ирээдүйг бодож авлига хээл хахуультай тэмцэх сэтгэл гаргадаггүй, тэгсэн мөртлөө өөрийнх нь асуудал хөндөгдөөд ирэхээр, байшин савны тухай яриа гарахаар айхтар айхтар мэдэгдэл хийгээд эхэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй ноцтой нөхцөл байдал улс оронд үүсч байхад огт дуугардаггүй, харин өөрийгөө хамгаалах болохоор л чанга чанга яриад эхэлдэг. Надад ийм, тийм хүмүүсийн тухай ноцтой баримт байгаа, яахав дээ гээд гаргахгүй байсан юм гээд л бусдыг ил цагаан рэкетэлсэн мэдэгдэл хийдэг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн ноцтой асуудлууд байгаа бол Хууль зүйн сайд хүн хэрэгтэй үед өөртөө ашиглана гэж хадгалах биш, түүнийг тухай бүрд нь илчилж тэмцэх ёстой. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Олон түмний итгэл хүлээж сонгогдсон Их хурлын гишүүн хүн, насаараа төр түшиж амьдарч яваа төрийн өндөр албан тушаалтан ийм байж болдог юм уу. Гэхдээ энэ бол ганц Нямдорж сайдад биш, ийм байдлаар улс төр хийж байгаа хүмүүст хандсан үг юм шүү” гэсэн байлаа.

            Аюулгүй  байдал гэснээс манай өмнөд хил дээр, тодруулбал Шивээ хүрэнгийн боомт дээр Хятадууд туузан дамжуулагч байрлуулан Нарийн сухайтын нүүрсийг зөөх гэж хэдэн жилийн турш оролдов. Энэ бол аюулгүй байдалд ноцтой харшилсан үйлдэл. Гэтэл Ц.Нямдорж боомтын тухай хуулиа тэдэнд зориулан өөрчилж, туузан дамжуулагчийг нь баталгаажуулах гэж байлаа. Үүнийг анзаарсан М.Батчимэг дахиад, “Сайд гуай, наадах чинь огт болохгүй шүү” гэв. Ингээд төсөл нь батлагдаагүй. Гэхдээ уг байгууламжийг хийхэд гадаадын компаниудыг урин залж, хамгийн их найр тавьсан хүмүүсийнх нь дунд  Ардчилсан намын лидерүүдээс цохиж л явсан гэдэг. М.Батчимэг тэднийгээ бас тэрүүхэнд нь чимхээд авчээ.

 Ийм нэгэн стартегич эмэгтэй улс төрийн өрөг дээр сууж  байна. Саяхан Ерөнхийлөгчийн санаачилсан хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл дээр популизм хийж, хуулийн үзэл санааг илт гажуудуулах гэсэн УИХ-ын хэсэг бүтэлгүй нөхдөөс  төслөө хамгаалан татаж авлаа. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө хийсэн түүний тэмцлийн нэг хэлбэр байсан болов уу. Мөн үзэл санаандаа үнэнчийнх нь баталгаа юм. Цаашид  тэр улс орноо дэлхийн хэмжээнд хүргэх  том бодлого зангидалцах биз ээ.

Б.Отгонбаяр

Advertisements
%d bloggers like this: