Олигархи тогтолцоог АИХ хална гэв

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс санаачлан өнөөдөр /2017.03.16/ хоёр танхимтай парламент бий болгох тухай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улс нэг парламенттайгаар үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын 76 гишүүнийг ард түмний саналаар сонгодог.

Гэвч тус парламентын гишүүдэд хариуцлага тооцох субьект байхгүй учраас УИХ-ын гишүүн нь өөрийн хувийн эрх ашигт нийцүүлж, хууль санаачилдаг, түүнийг нь парламент баталдаг. Эцэст нь ард түмэн хуулийг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг гаж тогтолцоотой болсон гэнэ. Үүнийг дагаж олон сөрөг үр дагавар гарах болсон.

Хэрвээ Монгол Улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хоёр парламенттай байхаар хуульчилбал Ардын их хурал нь УИХ-аа хянах боломжтой болно.

Хуучин Ардын их хурлын гишүүн н.Дамдин 20 дугаар тогтоол гарахаас урьтаж хадгаламж дахь мөнгөөрөө саван авснаас болж, огцорч байсан.

Одоо харин ёс зүйн алдаа гаргах нь битгий хэл хууль зөрчсөн ч УИХ-ын гишүүн нь хариуцлага хүлээдэггүй, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгддөггүй, огцордоггүй. Иймээс хууль тогтоох дээд байгууллагыг хариуцлагатай болгох, хянадаг газартай болгох гарц нь Ардын их хурлыг байгуулах явдал гэж үзэж байна.

Дэлхий дээрх нэг парламентын засаглалтай орнуудын жагсаалтыг сонирхуулбал, Мозамбек, Зимбабве, Ангол, Уганда зэрэг орныг нэрлэж болох аж.

Харин хоёр парламентын засаглалтай орнуудын тоонд Герман, Япон, Англи, Орос, Швейцарь багтаж байна.

“МОНГОЛД АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ”

Зөвлөлдөх уулзалтад илтгэл тавьсан нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: Монголд ардчилал байхгүй гэлээ. Тэрбээр “Монголын нийгмийг ардчилсан нийгэм гэж хараад байгаа биш болсон. Олигарх дэглэмтэй, олигарх нийгэм болсон. Эдийн засаг зах зээлийн харилцаагаар хөгжих боломжгүй болсон.

Жишээ нь дөрвөн айл хашааны газраа нийлүүлээд 40 айлын орон сууц барих боломжгүй, харин УИХ-ын гишүүн орон сууцны хороолол барьж болно.

Улс орон  хэзээ хөгжих вэ гэхээр газраа капитал болгож, бизнес хийх боломж бүрдсэн цагт хөгжинө.

1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа хэд, хэдэн зүйлийг урьдчилж харж чадаагүй. Тухайлбал, сонгогчид саналаа худалддаг цаг ирнэ  чинээ тооцоолоогүй. Сонгогдсон хууль тогтоогч нь эрх мэдлээ ашиглаад ёс зүйгүй нийгэм тогтоочихно гэж бодоогүй.

Тухайн үеийн Ардын их хурал ёс зүйн хороотой байсан. Энэ хороо өнөөдөр байсан бол УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ эгүүлэн татагдсан.

Улс төрийн эрх мэдэл хаана байна, тийшээ л явж байна. 17 жилийн турш сум, орон нутаг хаягдсан нь үүнтэй холбоотой. Хуучин орон нутаг бүрээс депутат сонгогддог байсан учраас сум бүр хөгжсөн.

Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн. Засаг дарга нь Улаанбаатар хотод амьдарчихаад аймгийг удирддаг, сумын Засаг дарга мөн ялгаагүй нийслэлээс орон нутгийг удирддаг.

Одоо энэ тогтолцоог халах ёстой. Өөрчлөх боломж нь Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хоёр парламенттай болох. Нэг нь нөгөөгөө хянадаг байх.

УИХ, Засгийн газрын төвшинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэл байгаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байгаа хөдөлгөөнүүдээс төлөөллийг нь багтаах ёстой.

Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлээ нэмэгдүүлж, шүүх эрх мэдлийг булаагаад авчихвал яах вэ. Ингэхгүй гэх баталгаа алга гэсэн юм.

СОНГОГЧДЫГ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ ШААРДЛАГА БАЙНА

 

“Гүрэнт монгол хөдөлгөөн”-ийн зүгээс өнгөрсөн хугацаанд ард иргэдийн дунд судалгаа хийхэд боловсролыг нь дээшлүүлэх шаардлагатай нь батлагджээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1.9 сая гаруй сонгуулийн насны иргэд байгаа аж. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн нь сонгогчдын боловсрол нөлөөлсөн гэж тэд хэлж байна.

Сонгогчдыг боловсролтой болгосон цагт Ардын их хурлыг байгуулах асуудал ард түмний дэмжлэг авах боломжтой гэнэ.

Ардын их хурал хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Б.Бадрал дээрх саналыг дэмжлээ. Тэрбээр “Эдийн засгийн хямрал, улс төрийн хямралаас болоод иргэд материаллаг талдаа анхаарснаас биш оюун санааг орхисон. Олигарх тогтолцоо нь хувийн өмч рүү дайрдаг булааж авдаг. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг. Нийгмээрээ тэгш эрхтэйгээр бизнесээ эрхлээд явсан цагт хөгжинө. Зүй бус улс төрийн тогтолцоо бий болсон нь зүй бус эдийн засгийн харилцаагаа дэмждэг болсон. Гарах гарц нь парламентыг хяналттай болгох” гэсэн юм.

Оролцогч н.Тамир “Залуучууд боловсролтой ч ядуу байна. Ядуугаасаа болоод буруу сонголт хийдэг. Гарцгүй байна. Шинэ нам гарч ирэх нь үү гэж хүлээсэн, гараагүй.

Одоо харин “Ардын их хурал” хөдөлгөөнийхөн зөв санаачилга дэвшүүлж байгаа учраас дэмжихээр ирлээ” хэмээлээ.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын Залуучуудын холбооны хурлын танхимд зохион байгуулав.

Г.ДАРЬ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Advertisements
%d bloggers like this: