Г.Баасан: 60 тэрбумын асуудал нь эрүүгийн хуулийн 19.2-т заасан төрийн эсрэг гэмт хэрэг байтал буруу замаар “будаа тээх” гээд байна

 

Ц.Сандуй, М.Энхболд нарын “Жаран тэрбумын хэрэг” хэмээх ерэн минутын дуулиант бичлэгийг хүмүүсийн сонорт анх хүргээд, үүнийхээ төлөө тагнуул, цагдаагийнханд мөрдөгдөж, сүүлдээ арга буюу Америк нөхөртэй Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасантай уг хэргийн талаар ярилцлаа.   

-Таны үйлчлүүлэгч  Г.Доржзодовын олон түмэнд ил болгосон  60 тэрбумын  асуудалд Улсын Ерөнхий прокуророос Эрүүгийн хэрэг  үүсгэн шалгахаар болсон байна.  Гэхдээ энэ хэргийг Эрүүгийн хуулийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл ангид хамааруулсангүй. Үүнийг та юу гэж үзэж вэ?

-Энэ “60 тэрбумын хэрэг”  бол Үндсэн хуулийн 3.2-т заасан төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглосон заалтыг илэрхий зөрчсөн хэрэг юм. Үндсэн хуулийг ингэж зөрчих нь төрийн эсрэг гэмт хэрэг  гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуулийн энэ заалтаар хүнийг яллахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ заалт нь материаллаг хууль буюу  Эрүүгийн хуулинд  туссан байдаг юм. Одоогийн бидний мөрдөж эхлээд байгаа Эрүүүгийн хуулийн  19.2-т энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Төрийн эрхийг хууль бусаар авах, саатуулах гээд байж байгаа. Энэхүү заалтанд төрийн эрхийг барих дээд байгууллагын эрх мэдлийн хууль бусаар авах, ийм зорилгоор хүчирхийллийн аргаар авахад бэлтэгсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байх, төрийн эрх мэдлийг барих дээд байгууллагын үйл ажиллагаанд хүч хэрэглэж саад учруулсан зэргийг заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хуулийн уг заалтанд байгаа эдгээр асуудлууд  нь 60 тэрбумын тэр бичлэг дотор бүгдээрээ байж байна. Тухайлбал, төрийн эрх мэдлийг авахаар үгсэн тохирч, зохион байгуулж, тохиролцож байсан байна. Мөн хүчирхийлэл хэрэглэхийн тулд “Хар массыг хөдөлгөнө” гэж тохиролцсон байх шижээтэй. Түүгээр зогсохгүй төрийн албан тушаалыг арилжаа наймааны хэрэгсэл болгож, нэг хүнээс хэдэн төгрөг авахыгаа хүртэл ярилцаад бүр схемчлэн журамлаж өгсөн байгаа юм. Энэ бүхэн нь Эрүүгийн хуулийн төрийн эрх мэдлийг  хууль бусаар авах гэсэн заалтын бүх шинж, хэлбэрүүдийг агуулж байна. Ийм зүйл ангитай хэргийн  ялын хэмжээ нь болохоор 15-20 жил хорих ялтай. Өмгөөлөгч миний хувьд тэр 60 тэрбумын бичлэгийг удаа дараалан үзэж сонсоод, олон улсын шинжээчийн дүгнэлтийг сайтар уншиж судлан эцэст нь яалт ч үгүй энэ хэрэг бол төрийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юм байна гэдгийг хатуу ойлгосон.  Тиймээс 60 тэрбумын асуудал нь яах аргагүй  эрүүгийн хуулийн 19.2-т заасан төрийн эсрэг гэмт хэрэг тул ийм зүйл ангиар  шалгаж шийдвэрлэх ёстой байтал буруу замаар “будаа тээх” гээд байна.

-Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах  нь буруу гэсэн үг үү?

-Энд нэг зүйлийг зориуд тодруулж хэлье. Үндсэн хуулийн 3.2-т заасан төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг заалт нь ямар нэгэн хохирол шаарддаггүй, хохирсон хүн хайдаггүй. Ийм гэмт хэрэг үйлдэхээр завдсан л бол төгссөн гэмт хэрэг гэж үздэг онцлогтой. Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4.5 дахь заалт нь болохоор хахуулийн хэрэг шүү дээ. Ингээд шал өөр юм болоод явчихаж байгаа биз. Зүйрлэж хэлвэл, дөрвөлжин хэлбэртэй зүйлийг гурвалжин гэж яриад байгаатай ялаагүй юм. Тэгэхээр үүний цаана ял завших гэсэн том агуулга харагдаад байна. Эрүүгийн хуулийн 22.4.5-д заасан хэрэгт  2-8 жилийн ял оноодог. Мөн энэ заалтаар төрийн албанд ажиллахыг  тодорхой хэмжээгээр хязгаарлах, эрх хасах, торгох зэрэг ялын сонголтуудтай байгаа юм. Шүүгч нар эндээс дурын сонголтоо хийх боломжтой. Тиймээс 60 тэрбумын хэрэгт ингэж хандаж болохгүй ээ. Би энэ талаар прокурорт хандаж асуусан, яагаад ийм зүйл ангиар шалгах гээд байгаа юм бэ гэж.

-Тэгээд ямар хариу авав?

-Прокурорууд нь өнөөгийн бодит нөхцөл байдалд тохируулан ингэж шалгахаар болсон гэдэг хариу өгч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө 60 тэрбумын бичлэгт байгаа төрийн албан тушаалыг наймаалж мөнгө босгох  тухай яриа нь бодит амьдрал дээр хэрэгжсэн юм уу, үгүй юү гэдгийг авч үзэх нь л дээ. Тэгвэл бид юу хүсээд, шаардаад байгаа билээ. Юуны өмнө энэхүү 60 тэрбумын бичлэг нь эвлүүлэг биш гэдгийг тогтоогоод, уг бичлэгт гарч байгаа дуу хоолойнууд тухайн хүмүүсийнх нь дуу авиа мөн үү, биш үү гэдгийг дахин шинжилж тогтоохыг шаардаад байгаа юм. Гэтэл прокурорын байгууллагаас эдгээрийг тогтоохоос цааргалж, зайлшгүй хэрэглэх ёстой эрүүгийн хуулийн заалтаас нь бултуулж хөнгөн маягаар шалгасан нэр зүүгээд хаях гэсэн санаа агуулаад байна. Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас энэ хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг томилогдсон л доо. Гэхдээ чононд хонь хадгалагуулав гэдэг шиг юм болох гээд байна. Мөн энэ нь одоогийн төр засгийн эрхийг барьж байгаа хүмүүсийн хэргийг өөрсдөөр нь шалгуулах болчихоод байгаа нь ихээхэн тоглоом шоглоомтой, төр засаг нь өөрөөрөө даажигнасан хөгийн явдал болж хувирлаа. Америк дахь олон улсын шинжээчид  тэрхүү 60 тэрбумын бичлэгийг илгээж шалгуулахдаа бичлэгт хэн хэний дуу хоолой гарч байсан, тэдгээр нь тухайн хүнийх мөн эсэхийг тогтоох зорилго тавиагүй, тийм асуулт ч түүнд өгөөгүй, зөвхөн энэ бичлэг нь эвлүүлэг мөн үү, биш үү гэсэн асуулт тавьж шинжлүүлсэн. Тэгэхэд тэр шинжээч  шалгаж үзээд  нэг орон зай, нэг байранд, тасралтгүй үргэлжилсэн бичлэг байна, эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гаргасан. Тийм учраас манай төр засгийн эрх баригчид, хууль хяналтын байгууллагынхан энэ асуудалд одоогийн мөрдөж байгаа хулиудаа маш зөв, хатуу баримталж ажиллахыг бид шаардаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан би саяхан Ерөнхий сайдад хандан тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын дарга нарыг өөрчилж солих хүсэлт, шаардлагыг тавьсан.

-Г.Доржзодовын аюулгүй байдал нэлээд эргэлзээтэй хэвээр байх шиг санагдаж байна. Тийм үү?

-Цагдаагийнхан энэ оны 7 дугаар сарын 9-нд Г.Доржзодовын хамгаалалтыг зогсоосон шүү дээ. Энэ талаар харин бидэнд хэлээгүй, биднээс асуугаагүй. Ер нь тэр хамгаалалт гэдэг нь үнэндээ хамгаалалт байгаагүй юм  шүү. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт очоод байхад цагдаагийнхан мөрдөж, тагнаж явсаар баривчлах зорилготой л очсон юм. Намайг ч бас мөрдөж, тагнаж байлаа. Тэгээд цагдаа нар сурсан аргаараа Г.Доржзодовт хүч хэрэглэн, улмаар түүнийг устгах санаатай байсан. Гэвч олон түмний нүд, чих хурц, сонор болохоор тэд түүнийг баривчилж чадаагүй юм. Түүний аюулгүй байдал одоо ч гэсэн маш эмзэг хэвээрээ байгаа. Учир нь түүний эсрэг талд төрийн өндөр алба хашдаг хүмүүс зогсож байна. Тэд төрийн эрх мэдлээр өөрсдийгөө хуяглаж, Г.Доржзодов руу ямар аймаар дайралт хийснийг монголчууд бүгдээрээ харсан шүү дээ. Харин тэдний хууль бус үйлдлүүдийн эсрэг Г.Доржзодов тууштай зогсож, Монголын олон мянган залуучуудын шударга ёсны нүүр царай болж чадсан. Түүнийг хамгаалалтанд авах талаар би ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тэр  өөрөө ч бас энэ талаар хүсэлт тавиагүй. Гэтэл түүний аав нь хүүгээ хамгаалалтанд авахыг цагдаагийнхнаас хүссэн мэтээр худал мэдээлэл цацагдаад эзэд нь баригдсан шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр шударга ёсны төлөө дуугарсан иргэний эр зоригтой ийм хүмүүсийг Монголын төр засаг хамгаалах чадваргүй болчихоод байна. Харин хамгаалж байгаа нэрээр мөрдөж дарамталдаг. Үүнийг нь би өөрийн биеэр үзэж л байсан.

-Таны хэлсэн шиг энэ хэргийн зүйл ангийг өөрчилж, эрүүгийн хуулийн 19.2-т зааснаар шалгах боломж байгаа юм уу?

-Өөрчлөх болов уу, яах бол гээд харж суух биш, үүний төлөө бид тэмцэх хэрэгтэй болоод байна. Жаран тэрбумын тэр бичлэг нь өөрөө төрийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаад байгаа шүү дээ. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд би хатуу зарчимтай, тууштай ажиллана. Өмгөөлөгч миний энэ ажил бол  зөвхөн Г.Доржзодовыг өмгөөлөхдөө ч биш, Монголын тусгаар тогтнолын төлөө хийж байгаа ажил гэж ойлгож байна.

-Төр засгийн томоохон албан тушаалтнуудын оролцсон ийм ноцтой хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд таныг  энэ хугацаанд хэн нэг нь заналхийлэх, хүчирхийлэхийг оролдсон уу?

-Одоогоор тийм зүйл огт тохиолдоогүй байна. Би ер нь өөрийгөө байнга хянаж явдаг юм. Сүүлийн хорь гаруй жилийн амьдрал тэмцэл минь намайг ийм хянамгай, сонор сэрэмжтэй болгожээ. Аюулгүй байдлаа би өөрөө л хангаж, хамгаалахаас өөр замгүй шүү дээ.   

Ярилцсан: Б.Отгонбаяр

Advertisements
%d bloggers like this: