Б.Уртнасан: Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллуулвал Х.Баттулгын нэр хүндэд маш хортой

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, “49 чулуугаар мэргэлсэн зүйлээ ямар нэгэн алдаа мадаггүй шууд онож хэлдэг” хэмээгдэх  Б.Уртнасантай ярилцлаа.

-Та 90 оны Ардчилсан хувьсгалын үед хаана амьдарч байв?

-Би тэр үед Ховд аймагт амьдарч байсан. Ардчилсан хувьсгалын анхны жагсаал цуглаанд Ховдоос ирж оролцож байлаа. Хархүү, Чилгэр нарын зэрэг олон хүн энэ хувьсгалын түүхийг бичилцсэн юм шүү.  Тэд цөмөөрөө намайг сайн мэднэ. Тухайн үед би  Багануурт бас тэмцэж явсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат бид нар хамтдаа жагсаал цуглаан хийж байсан.

-Сүүлийн үед ардчиллын үнэт зүйлс нэлээд алдагдан бүдгэрч эхэллээ. Тэр үед та нарын уриа лоозон болгож байсан шударга ёсны асуудал одоо тун хүнд болоод байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү? 

-Таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулахад би Баянзүрх дүүргийн Ардчилсан намд элссэн юм. Монголын Ардчилсан холбооны журмын нөхөд маань шударга үнэний төлөө дуугарсаар, тэмцсээр яваад өдий хүрлээ. Шударга үнэнийг ярьсан хүмүүс өнөөдөр харамсалтай нь эрх баригчдад ад үзэгдэж, элдэв янзаар хавчигддаг болоод байна. Ардчилсан нам дотор олон бүлэглэлүүд бий боллоо. Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан  гэхэд одоо хоёр гурван тийшээ харчихсан хуваагдаад явж байна. Ерөөсөө нам гэдгийн утга учрыг ойлгохгүй, намын ажлын мэдлэг туршлагагүй, боловсрол муутай хүмүүс энэ намыг баллаж дуусч байгаа юм. Баянзүрх дүүрэгт  Д.Пүрэвдаваа гэдэг залуу Ардчилсан намыг толгойлох болсноос хойш энэ нам хувийн компани шиг болчихсон. Энэ хүн ардчилсан хувьсгалын анхны партизануудыг хавчин гадуурхаж намынхаа эгнээнээс аль болох зайлуулахыг оролдож байв. Ер нь сүүлийн жилүүдэд Ардчилсан нам, Монгол ардын нам хоёрын нэр хүнд асар ихээр унасан нь гишүүд дэмжигчдээ ялгаварлан гадуурхсантай холбоотой. Манай намын ахмад гишүүд Д.Пүрэвдаваад  маш их гомдож байгаа.

-Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг даргаар дөрөв жил гаруй хугацаанд ажиллахдаа намынхаа олон гишүүнийг ажлаас халсан гэл үү?

-Тиймээ. Хорооны Засаг дарга, Хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан манай намын олон хүнийг Д.Пүрэвдаваа ажлаас нь үндэслэлгүйгээр халсан. Тус дүүргийн хэмжээнд төрийн ажил бүхэлдээ нурж байна. Д.Пүрэвдаваа Ардчилсан намынхаа жирийн гишүүдийг хоёр хуваагаад хаячихсан хүн шүү дээ. Түүний аз шоо болгож намынхаа гортигоос гаргаж хаясан хүмүүс нь харьцангуй өндөр боловсролтой, ардчиллын зарчим, үнэт зүйлсийн төлөө үхэн хатан зүтгэдэг шударга улс. Харин түүнийг тойрон хүрээлсэн этгээдүүд нь болохоор мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, дарга нарыг бурханчлан тахисан, хамгийн боловсрол муутай долингорууд юм.

-Намаасаа хөөгдсөн хүн олон уу?

-Манай намын гишүүдээс одоогоор хөөгдсөн хүн байхгүй. Намын дүрмээр бол хөөх боломж бараг байхгүй.  Гэхдээ Д.Пүрэвдаваа шударга гишүүдээ үргэлж намаас хөөнө, зайлуулна гэж ярьдаг. УИХ-ын гишүүн Д.Батзанданг нэг удаа дүүргийнхээ намын хорооноос хөөнө гээд чадаагүй юм.

-Ажлаасаа үндэслэлгүйгээр хөөгдсөн Хорооны засаг дарга нар нь шүүхээр ороод ялж  байгаа гэл үү? 

-Үндэслэлгүйгээр халагдсан олон хүн шүүх дээр очоод заргаа авсан. Одоо ч зарим нь шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэхэд хоёр засаг ноён, иргэдийн хурлын хоёр даргатай болчихоод байна. Намын ахмад, хуучин гишүүдээ бүгдийг хашааны гадна талд гаргаад оронд нь баахан шинэ гишүүдийг элсүүлсэн. Намд шинээр орж ирсэн хүмүүс нь боловсрол багатай, хөгжлийн бэрхшээлтэй, шоронгоор дамжсан, сэтгэцийн хувьд асуудалтай гэх мэт зүсэн бүрийн үл бүтэх, элдэв янзын чихрийн  цуглуулга шиг нөхөд байгаа юм.

-Дүүргийн намын хороо нь ч гэсэн иймэрхүү хүмүүсээс бүрдсэн үү?

-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүдийг хийсэн ажил, боловсрол, мэдлэгээр нь бүгдийг жагсаагаад үзэхээр их сонин дүр зураг харагддаг. Улсад ажил хийж үзээгүй, боловсролын хувьд өмнөөс нь ичиж нүүр улаймаар хүмүүс олон байгаа. Тэр бүү хэл шоронд сууж байгаад гарч ирсэн, ямар сургууль төгссөн нь тодорхой бус хүн ч бий. Уг нь дүүргийн Ардчилсан намын хороонд хамгийн өндөр боловсрол, ёс зүйтэй шилдэг хүмүүс орох ёстой. Гэтэл зөвхөн нэг даргын хувийн үзэмжээр намын хорооны гишүүн болж байна. Жишээлэхэд, гэв гэнэт нэг өдөр Дарханаас хэн нэгийг нь дуудаж авчраад “Маргааш чи дүүргийн намын хорооны гишүүн бол” гэх маягаар ажилласан шүү дээ.

-Шоронд ял эдлээд гарч ирсэн хүн нь хэн юм бэ?

-Алтанхуяг гэдэг хүн юм. Энэ хүн хоёр удаа ял эдэлсэн нь цагдаагийн бүртгэл дээр байж л байгаа. Алтанхуяг нь Д.Пүрэвдаваагийнхаа төлөө дүүргийн байрны үүдэнд өлсгөлөн зарлана гэж хэвтээд дараа нь намын хорооны гишүүн болсон юм уу даа. Ийм хүнийг саяхан Ардчилсан хувьсгалын партизануудыг Их тэнгэрийн аманд хүлээн авч хүндэтгэл  үзүүлсэн Х.Баттулгын уулзалтанд оролцуулсан байна лээ. Ардчилсан хувьсгалын үед хаана байсан нь үл мэдэгдэх энэ нөхөр тэнд очоод архи ууж сонтуурхаад явж байсан. Би тэр уулзалтанд урилгаар оролцсон ахмад хүний хувьд санаа зовж л суулаа. Иймэрхүү үл бүтэх этгээдүүд манай дүүргийн Ардчилсан намд цөөнгүй бий. Тухайлбал, тус дүүргийн 7 дугаар хороонд эрүүгийн элемент гэгддэг нэг нөхөр хэсгийн ахлагч хийгээд явж байна.

-Та шударга үнэнийг хэлснийхээ төлөө аль зэрэг хавчлагад өртөв?

-Би урьд нь дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн байсан юм. Тус дүүргийн 23, 28 дугаар хорооны Ардчилсан намын үүрийн даргаар ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Хужирбулан, Улиастайд Ардчилсан нам ялалт байгуулах суурийг нь тавьж өгсөн юм. Гэтэл намайг Д.Пүрэвдаваа байнга ад үздэг болсон. Намын дотоод сонгуульд оролцуулахаа больж, сонгох эрхийг минь хассан. Би чинь ардчиллын төлөө үнэнчээр зүтгэснийхээ төлөө Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнуулж явсан хүн шүү. Намын дотоод үйл амьдралд над шиг ингэж оролцож чадахаа больсон эгэл жирийн гишүүд олон байгаа. Д.Пүрэвдаваа намын дотоод сонгуулийн үеэр намын үүрийн дарга нартаа “Бидэнд таалагддаггүй гишүүдийг нэрсийн жагсаалтаас хас” гэдэг үүрэг өгч сонгох эрхийг нь хассан байв. Энэ чинь дарангуйлагчийн арга барил шүү дээ. Түүнийг цаашдаа иймэрхүү байдлаар давраагаад байвал дийлдэхгүй муухай дарангуйлагч болж гарч ирнэ.  Өнөөдөр Д.Пүрэвдаваагийн ийм увайгүй, дарангуйллын шинжтэй үйл ажиллагааг Ардчилсан намын ахмад гишүүд үнэн голоосоо жигшин зэвүүцэж байна.  Тиймээс дүүргийн намыг шинэчлэхийн төлөө манай партизанууд  бүгдээрээ босч тэмцэхэд бэлэн болоод байгаа. Зөвхөн миний хувьд гэхэд дүүргийнхээ бүх хороонд 30-40 хүнтэй баг бүрдүүлж чадсан. Бид 1990 онд юуны төлөө тэмцсэн юм бэ. Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө тэмцсэн. Одоо ч тэмцсээр л байна. Гэтэл Д.Пүрэвдаваа  Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах юм гэнэ. Ёстой дэмий байлгүй.

-Сонгуулиар Баянзүрх дүүрэгт Х.Баттулгын төлөө 75 мянган хүн санал өгсөн нь түүний гол гавъяа юм биш үү?

-Д.Пүрэвдаваа яг ингэж өөрийгөө дөвийлгөж яриад явж байгаа. Гэтэл үнэндээ тэр хүн Х.Баттулгыг дэмжиж хуруугаа ч хөдөлгөөгүй. Х.Баттулгын зураг гэхэд тус дүүрэгт маш цөөхөн байсан. Иймэрхүү хандлагыг нь Х.Баттулга өөрөө мэдрээд Ардчилсан намынхаа сурталчилгааны багаас илүү том багийг Баянзүрх дүүрэгт ажиллуулсан юм шүү. Бид түүний тэр багт орж, гудамж, айл өрх бүхэнд хүрч ажилласан. Ингэснийхээ хүчинд ялалт байгуулсан. Харин одоо Д.Пүрэвдаваа ичих ч үгүй Ерөнхийлөгчийн зөвлөх болно гээд дүүргийн Засаг даргынхаа ажлыг Т.Баясахад өгөх юм байна л даа. Д.Пүрэвдаваа мэтийн ийм дарангуйлагч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллавал Х.Баттулгын нэр хүнд, цаашлаад Монгол төрийн сүр сүлдэнд маш хортой юм болно.

-Та 41 чулуугаар олон жил мэргэ хийж байна уу. Таны мэргэ аль зэрэг үнэний магадлалтай бууж байгаа вэ?

-Энэ 41 чулууны мэргэ бол 19 дүгээр зууны үеэс Монголд хүчтэй дэлгэрсэн, үндэсний хэмжээний зүйл юм. Дээр үеийн сайн мэргэчүүд нь үхэж үрэгдээд байхгүй болж байна. Сүүлийн үед энэ мэргэний тухай есөн шидийн ном гарах боллоо. Хүрэн өнгийн хавтастай нэг номыг нь би уншиж үзлээ. Уг номыг бичсэн хүн нь Хүрэлбаатар билүү дээ, нэрийг нь одоо сайн санахгүй байна. Миний мэргэлдэг арга барил, мэргэний тайлал тэр хүний бичсэн номтой тохирдоггүй юм билээ. Би удам залгасан мэргэч хүн. Миний аав Батхүү гэж сайн мэргэч хүн байсан. Түүний дүү Гандан бас их сайн мэргэлдэг байлаа. Мөн “Шар толгой” Донид гэдэг мундаг хүн байв. Донид нь мал хүн байсан тул эсэргүү гэгдэж буудуулсан юм билээ. Аав минь дүүтэйгээ хамт тэр хүнээр мэргэний ном судар анх заалгасан гэдэг. Би найман настайгаасаа аавыг дагаж 41 чулуу татдаг болсон. Адуундаа явж байхдаа 41 чулуу түүгээд хормой дээрээ тарааж татдаг байлаа. Аав хожим нь надад “Шар толгой” Донидын өвлүүлж өгсөн мэргэний ном судрыг үлдээсэн. Тэгээд би тэр ном судруудыг уншсаар байгаад Төвд бичиг үсэг сурсан. Ингээд би бүх насаараа мэргэ хийлээ. Олон ч хүнд тус болсон байх. Харин би энэ мэргээрээ худлаа хэлж байгаа юм шүү.

-Таныг сонгуулиас өмнө шинээр сонгогдох Ерөнхийлөгчийг яг онож нэрлэсэн гэж сонссон. Энэ үнэн үү?

-Сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлж байх үед над дээр нэг сэтгүүлч хүрч ирж  мянган төгрөг өгөөд “Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь ялах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би гурван нэр дэвшигчийг тус тусад чулуугаараа татаж үзсэн чинь яах аргагүй Х.Баттулга ялна гэж буусан юм. Бусад өрсөлдөгчид нь шууд ялагдахаар байсан. Тэгээд би тэр залууд “За, Х.Баттулга л ялах юм байна” гэсэн чинь огт итгээгүй. Мань хүн нэлээд эргэлзэж байгаа бололтой, над руу нүдээ томруулан  харснаа “Х.Баттулгын талаар янз бүрийн муу мэдээлэл цацагдаад байна. Түүнийг сонгохгүй байлгүй дээ” гээд гайхаад байсан. Би чулууныхаа мэргэний тайлалд итгэж  байсан болохоор түүнд Х.Баттулгаас өөр хүн ялахгүй гэж дахин давтаж хэлсэн. Хорь гаруй хоногийн дараа харин миний мэргэ үнэн зөв байсан нь батлагдсан. Ер нь энэ 41 чулууны мэргэ бол миний гарт орчихсон зүйл. Надтай энэ мэргэний талаар маргалдах хүн байхгүй байх.

-Таны мэргэлдэг арга барил Хүрэлбаатарын номонд бичигдсэнээс юугаараа ялгаатай юм бэ? 

-Тэр хүний номонд болохоор татсан чулуунуудын баруун гар талд есөн толгой буухад сайн гэж байх жишээтэй. Гэтэл минийхээр бол муу байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн мэргэчид иймэрхүү ном олж уншаад ихэвчлэн буруу мэргэлдэг юм байна. Мэргэний ном бичиж байгаа хүмүүс нь надтай уулзаад 41 чулууны мэргэний талаар асуухаасаа ичиж зовох юм юу байх билээ.

Б.Баяр

 

Advertisements
%d bloggers like this: