Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй дарга нараас болоод Н.Цэрэнлхам мэтийн эгэл жирийн иргэд хохирсоор байх уу

Бичээч би бээр газрын луйвраар эгэл жирийн иргэдийг  олон жилийн турш хохироож буй  албан тушаалтнуудын тухай  аль эрт, бүр 2012 оны 11 дүгээр сард “Үндэсний мэдээ” сонины тэргүүн нүүрэнд  “Чингэлтэйн Газрын албаны дарга Ч.Очир болон гурван өөр овогтой Ганзоригийн мөрөөр мөшгөвөл их юм сонсох нь ээ” гарчигтай өгүүлэл нийтэлсэн юм.  Гэвч энэхүү нийтлэлийн гол баатрууд  буюу тэтгэврийн хоёр хөгшний  газрыг  хуйвалдааны замаар зальт этгээдүүдэд дур мэдэн шилжүүлж бөөн будлиан хутгасан тус дүүргийн газрын албаны дарга түшмэд,  засаг ноёдын  балаг одоо болтол үргэлжилсээр байгаа ажээ. Иймээс  дахин уг асуудлыг хөндөж, тэдгээр иргэдийн эрх өнөөдрийг хүртэл хэрхэн зөрчигдөж, зовж зүдэрч байгаа талаар товч өгүүлэхийг хичээлээ.

Нийслэлийн хойд хэсэгт Өвөр Гүнтийн ам хэмээх ой мод, цэцэг навч алагласан сайхан газар бий. Байгалийн тансаг бүхэн бүрдсэн энэ газарт эрх мэдэлтнүүд эртнээс шунан дурлаж, сүүлдээ хууль журмыг үл тоож юу дуртайгаа хийдэг болсон бөгөөд ой модон дунд хүртэл хашаа байшингаа босгожээ. Харин иргэн Ц.Бямбадорж, Н.Цэрэнлхам нар  хориод жилийн өмнөөс тэнд ойн захад 700 метр квадрат газрын зөвшөөрөл авч ахуй амьдарлаа төвхнүүлжээ. Гэтэл тэдний газар дээр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг   Ч.Очир гэгч нь зориуд давхцуулан бусдад газрын зөвшөөрөл олгож эхэлснээс болоод тэрхүү  олон сар жилээр сунжирсан маргаан тэмцэл өрнөх болсон байна. Хэрвээ тухайн үед Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Ч.Очир эрх мэдлээ урвуулан ашиглаж, албан үүрэгтээ хайнга хандан Ё.Бор болон түүний гар хөл болсон зальтангуудтай хуйвалдаангүйсэн бол ийм гайтай явдал огт болохгүй байв. Мөн тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн болоод байгаа Д.Ганболд нь хууль журмын дагуу газраа өмчилж авах гэсэн жирийн иргэдийнхээ гомдол хүсэлтийг шударгаар шийдэж өгөхгүй, Ч.Очир мэтийн албан тушаалтнуудынхаа алдаа завхарлыг хаацайлан илэрхий буруу ташаа А/79  тоот захирамжийг  гаргасан байлаа.

Энэ мэтээр дүүргийн  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, газрын албаныхны ил далд олон янзын дэмжлэгээр улам даварсан Ё.Бор нь өөрийнхөө гараар эхнэр, хүүхэд, ах дүүсийнхээ нэр дээр нийтдээ долоон айлын таван мянга шахам метр квадрат газрын зөвшөөрлийг хууль бусаар гаргуулах гэж улайран зүтгэсээр  ойн төгөл дунд үеэл дүү Ч.Өгөөдэйбаатар нарынхаа  хашаа байшинг дураараа бариулаад  удалгүй нас баржээ. Хангай дэлхий, тэнгэр лус нь хилэгнэсэн ч юм билүү хэн мэдлээ.

Харин хууль ёсны газрынхаа төлөө  уйгагүй хөөцөлдөж, Захиргааны хэргийн шат шатны шүүхийн  удаа  дараа эргэж буцсан шийдвэр, маргааны эцэст 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хялантын шатны Захиргааны хэргийн шүүхийн 243 дугаар тогтоол гарч, Ц.Бямбадоржийн 700 метр квадрат газрыг нь  хэвээр үлдээж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Ч.Очир, Ё.Бор болон гурван өөр овогтой Ганзориг,  Ч.Өгөөдэйбаатар нарын хуйвалдаанаар булааж авах гэсэн Д.Ганболдын гарын үсэг бүхий А/79  тоот захирамжийг хүчингүй болгож, Ц.Бямбадоржийн өмчийн эрхийг сэргээжээ.

Гэвч хамарсалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албаныхан нь Дээд шүүхийн  шийдвэрийн дагуу  Ц.Бямбадоржийн газрын гэрчилгээг баталгаажуулан олгож өгсөнгүй. Дээд  шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд хэн гуай нь ч байсан заавал биелүүлэх ёстой байтал тэдгээр эрх мэдэлтнүүд огт тоодоггүй юм байна. Ийм сонин, хэтэрхий дээрэнгүй, түрэмгий дарга нарын дунд  аргаа барж мухардан, багтарталаа бухимдсан Ц.Бямбадоржийн цусны даралт ихсэх өвчин  даамжирч явсаар нэг  өдөр гэнэт цус харвалтаар насан өөд болсон нь тун эмгэнэлтэй.

Тэрхүү хууль ёсны газрынхаа гэрчилгээг өвлөн авч  баталгаажуулахаар дахиад  шүүхийн хаалга сахиж суугаа талийгаачийн хань Н.Цэрэнлхам ингэж ярьж байна.

Н.Цэрэнлхам: Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй Засаг дарга асан Д.Ганболд нь УИХ-ын болоод томроод явчихсан

-2002 оноос эхлэн Өвөр Гүнтэд бидний ах дүүсийн долоон өрх айл тус бүрдээ 0.07 га газраа авах гэж дүүргийн газрын албанд өргөдөл өгсөн юм. Тэгсэн чинь 4 айлынх нь газрын зөвшөөрлийг олгоод гурвыг нь одоо болтол олгоогүй байгаа. Тэгээд олгосон гэх газар нь бусдын газартай давхацсан гэдэг хуурамч шалтаг тоочсон Ё.Бор, Ч.Өгөөдэйбаатар, гурван өөр овогтойгоор бүртгэгдсэн Ганзориг мэтийн хүмүүстэй Газрын албаныхан хуйвалдаад  өнөөдрийг хүртэл биднийг чирэгдүүлж байна.  Үүнд тухайн үеийн газрын албаны дарга  асан Ч.Очир болон дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд нар гол буруутай гэж бид үздэг. Тэдний буруу үйл ажиллагаа, илэрхий хуйвалдаантай шийдвэрийг хамгаалахын тул сүүлдээ газрын байршил, кадарстын зураглалд шинжилгээ хийдэг шинжээч нар нь хүртэл зориуд гэмээр алдаатай зүйл хийдэг болсон. Би талийгаачийнхаа нэр дээр бүртгэлтэй 0.07 га газрыг Дээд шүүхийн шийдвэрийн дагуу өвлөн авах бүрэн эрхтэй. Гэтэл хууль хяналтынхантай хуйвалдсан хүмүүсийн балагаар энэ асуудлаа үнэн зөвөөр шийдүүлж чадаагүй л явж байна. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй Засаг дарга асан Д.Ганболд нь УИХ-ын болоод томроод явчихсан. Тэгээд ойн гүнд газар эзэмшиж хашаа байшингаа барьж хууль зөрчсөн тэдгээр хуйвалдагчид их дээрээс тиймэрхүү муу юмаа хамгаалуулдаг юм байна.  Бидний долоон айл өрхийн анх өгсөн өргөдөл архивт нь байсаар байхад тэдгээрээс дөрвөн айлынх нь өргөдөл байхгүй байна гэж худлаа ярьж төөрөгдүүлдэг төрийн албан хаагчид ч бий. Тэднийг бас хуйвалдагчид гэхээс өөрөөр нэрлэх аргагүй юм. Ч.Очирын дараагаар Чингэлтэйн Газрын албаны дарга болсон М.Алтансүх нь “Гүнт, Билгүүн гэдэг чинь нэг газрын нэр” гэж худлаа бичиж тодорхойлсон байна лээ. Гэтэл энэ нь Гүнт, Билгүүн гэсэн хоёр тусдаа, өөр өөр газрын нэр юм.  Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай хашааны хаалга үүдийг дарж таглаад хууль бусаар газар эзэмшин, хашаа хатгасан Ч.Өгөөдэйбаатар нарын худал үгээр асуудлыг шийдэх гээд улайраад байх шиг байна. Би улсад 32 жил ажилласан, тэтгэврийн хөгшин. Талийгаач Ё.Бор гэгч нь анх огт байхгүй хий хоосон газрыг нэрлээд л өөрийнхөө гараар долоон айлынхаа газрын өргөдлийг бичиж өгсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, бусдын өмнөөс хүсэлт гаргасан. Ингэж болохгүй шүү дээ. Тэгээд модон дотор айлууд нь хашаа байшингаа хууль зөрчиж бариад байна. Миний талийгаач хань Ц.Бямбадорж амьд сэрүүндээ Дээд шүүхийн шийдвэрийн дагуу газрынхаа гэрчилгээг дахин баталгаажуулж авах гэж мөн ч олон удаа явж хөөцөлдсөн. Дарга нар нь огт хөдөлж өгөөгүй. Одоо би мөн энэ асуудлаар шүүхийн зарга хийгээд явж байна. Ер нь биднийг хэдий болтол ингэж зовоох гэсэн улс юм бол, бүү мэд. Би их гайхаж, сүүлдээ бүр залхаж байна. Шударга ёс гэж байдаг юм бол жирийн иргэн надад тэр шударга ёс нь яагаад үйлчилж болдоггүй юм. Би бүр аргаа бараад олон түмэндээ хандан,  надад туслаач гэж  чин сэтгэлээсээ гуйж  байна.

Б.Отгонбаяр

 

 

 

 

Advertisements
%d bloggers like this: