Нэг лицензийг 1750 ам.доллароор арилжаалж байсан Х.Хэрлэнг АМГТГ-ын даргаар томилсонд шударга инженерүүд дургүйцэж байна

“Бяртай баг бүрдүүлж  ажиллана” хэмээн  Ерөнхий сайдын сэнтийд залраад удаагүй байгаа У.Хүрэлсүх саяхан өөрийн найз Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон нь учрыг сайн мэдэх хүмүүсийн дургүйцлийг дэвэргэж орхив. Х.Хэрлэнг  зарим нь “Кадастр”-ын гэдэг цол гуншингаар нь андахгүй байх. Түүний нэр ийм тодотгол зүүхэд  хүрсэн нь  ашигт малтмалын  салбар, тэр дундаас газрын зураг, кадарстрын  чиглэлээр урьд нь тийм мундаг сайн ажиллаж байсных биш ажээ. Тэрээр 2000 оны эхээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гэж байх үеэс тус газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргаас орлогч дарга болтолоо дэвшиж ажиллахдаа сайнаасаа саар зүйлийг илүү их хийж байсан нь  тийнхүү “Кадарт”-ын хэмээн овоглох болжээ. Өөрөөр хэлбэл, мань эр эдгээр албан тушаалд ажиллаж байхдаа лицензийн наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж хөлжсөн бөгөөд энэ тухай янз бүрийн хачирхалтай баримтууд нь одоо болтол хуучраагүй байна. Жишээлэхэд, 2004 оны 12 дугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож гэгчийн эзэмшилд байдаг “Шинэ шивээ” компанид тухайн үедээ төрийн мэдэлд байсан Шивээ-Овоогийн уурхайн лицензийг шилжүүлээд дараа нь удалгүй тэр өөрөө Шинэ Шивээ компанийн хувь эзэмшигч болсон байлаа.

Тэгвэл үүнээс хоёр жилийн өмнө бас 441А тоот лицензээр Оросын иргэн Паушокын Монголд орж ирээд үүсгэн байгуулсан “Алтан дорнод Монгол” компанид Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүүлж, тэр хавийн байгаль орчинд ямархуу гай түйтгэр тарьсныг  Сэлэнгэ аймгийнхан мартаагүй байгаа болов уу. Энэ мэтээр олон нийтэд сайнаар биш саар муугаар танигдатлаа лицензийн наймаа хийсэн түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газрынхан эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татан нэлээд удаан мөрдөн шалгаж байсан юм. Мөрдөн шалгах ажиллагаа тийнхүү олон сараар сунжирсан нь ч бас ихээхэн сэжиг төрүүлдэг байна.

Олон компанид хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг давхардуулан олгосон,  хууль бусаар бусдад шилжүүлсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр мөрдөн шалгасны эцэст түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бүр ч ноцтой асуудал гэдгийг хуулийн зарим ажилтнууд дурсан ярьцгаадаг нь үнэний ортой биз. Тухайлбал, түүнийг нэг компанийн захирлын цагдаад хандаж 400 гаруй сая төгрөгийн хохиролынхоо талаар гаргасан өргөдөл гомдолын дагуу шалгахад Ашигт малтмалын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн нь илэрсэн байлаа. Гэвч хууль хяналтынхны хуйвалдаанаар Х.Хэрлэн нь ял зэм сонсолгүй мэндшүү үлджээ. Тухайн он жилүүдэд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт иргэд, компаниудаас маш олон гомдол ирдэг байжээ. Зөвхөн 2004 оны эхээр 120 гаруй гомдол дарга нарынх нь ширээн дээр овоорч байсан байна. Гэтэл Х.Хэрлэн нарын эрх мэдэлтнүүд нь тэдгээр гомдол маргааныг огт шийдэж өгөхгүй хав дарж явсаар бараг гурван жилийг элээжээ. Тэгээд хожим нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн зарим ордуудын лицензийг найз нөхдөөрөө дамжуулан бусдад худалдсан байв.

Түүний эдгээр түүхээс сөхөж үзвэл    Америкийн хөрөнгө оруулалттай “Гео-Инфо” компанид гэхэд нэг лицезийг тухайн үеийн ханшаар 1750 мянган ам.долларт хүргэж арилжаалсан байлаа. Энэ мэтээр лицензийг наймаанд гаршсан, хууль хяналтынханд овоо нөлөөтэй түүнийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд томилогдож очсон даруйдаа албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Ингээд У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэн нь нэг хэсэг гудамжинд лааз өшиглөж яваад 2008 оны  УИХ-ын сонгуулиар  дархан аварга Б.Бат-Эрдэнийн менежерээр Хэнтий аймагт ажиллаж, үүнийхээ шанд удалгүй Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалаар мялаалгажээ. Харин энэ удаа У.Хүрэлсүх найз нь мань эрийг цагийн сайханд мөнгөжиж хөлжсөн хуучин буйранд нь ойртуулж залахдаа бүр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсонд уул уурхайн зарим шударга инженер, техникийн ажилтнууд ихээхэн  дургүйцэж байгаа ажээ.

О.Баяр

Advertisements
%d bloggers like this: